Нууцлалын бодлого
“Дижитал маркет ББСБ” ХХК (цаашид “Бид”, “Манай” эсхүл “Бидний” гэх) нь Монгол Улсын “Санхүүгийн зохицуулах хороо”-ны зохицуулалт, хяналтын дор мөнгөн гуйвуулга болон зээлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага бөгөөд “Дижитал маркет ББСБ” мобайл аппликейшн (цаашид “Апп” гэх)-ийн хөгжүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч болно.
Энэхүү Нууцлалын бодлогоор харилцагч “Дижитал маркет ББСБ” аппликейшн, вэбсайт, зээлийн үйлчилгээ болон бусад холбогдох үйлчилгээг (цаашид хамтад нь “Үйлчилгээ” гэх) ашиглах явцад бид харилцагчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, хадгалах болон хамгаалахтай холбоотой нөхцөл, журмыг тодорхойлно.
Манай үйлчилгээг ашиглах замаар та энэхүү Нууцлалын бодлогод заасан нөхцөл, журмын дагуу өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах болон ашиглахыг зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та энэхүү Нууцлалын бодлогын нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол манай үйлчилгээг ашиглахаас татгалзана уу.
1. Мэдээлэл хариуцагч
“Дижитал маркет ББСБ” ХХК нь таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг хариуцсан мэдээлэл хариуцагч байгууллага болно.
- Мэдээлэл хариуцагч байгууллага: “Дижитал маркет ББСБ” ХХК. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ноён хутагт Данзанравжаагийн гудамж, 17/1 байр, 4 давхар, 401 тоот.
- Мэдээлэл хамгаалалттай холбоотой асуудлаар холбогдох: info@dpay.mn, +976 7008-8008
Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд гомдол, санал гаргах тохиолдолд та Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандан, холбогдох хууль тогтоомжийн дагуу гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй.
2. Бидний цуглуулах мэдээлэл
“Дижитал маркет ББСБ” аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээс өмнө бид үйлчилгээний нөхцөл болон холбогдох гэрээг харилцагч танд цахим хэлбэрээр танилцуулна. Та тухайн нөхцөл, гэрээтэй танилцаж, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бид бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай дараах мэдээллийг цуглуулна:
- Хувийн мэдээлэл: Овог, нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс, иргэншил, иргэний үнэмлэх болон гадаад паспортын мэдээлэл
- Холбоо барих мэдээлэл: Гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, оршин суугаа болон бүртгэлтэй хаяг
- Төрийн мэдээлэл солилцооны системийн мэдээлэл: Иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сангаас авах бусад холбогдох мэдээлэл
- Банкны данс болон төлбөр тооцооны мэдээлэл: Банкны нэр, дансны дугаар, төлбөрийн картын мэдээлэл, дансны үлдэгдэл болон гүйлгээний түүх зэрэг төлбөр тооцоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл
- Гүйлгээний мэдээлэл: Гүйлгээний дүн, огноо, цаг, зориулалт, давтамж, гүйлгээнд оролцогч талуудын мэдээлэл, тэдгээрийн хоорондын хамаарал болон гүйлгээтэй холбоотой баримт, нотолгоо
- Мөнгө хүлээн авагчийн мэдээлэл: Хүлээн авагчийн овог, нэр, холбоо барих мэдээлэл, хүлээн авагч банкны нэр, банкны дансны болон цахим хэтэвчийн дугаар
- Ажил эрхлэлт ба орлогын мэдээлэл: Ажил олгогч байгууллагын нэр, эрхэлж буй ажил, албан тушаал, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, орлогын хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт болон ажлын газрын тодорхойлолт
- Санхүүгийн болон зээлийн мэдээлэл: Орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөр, одоо байгаа зээл, зээлийн үлдэгдэл, зээлийн эргэн төлөлтийн түүх, банкны дансны хуулга болон төлбөрийн чадварыг үнэлэхэд шаардлагатай бусад мэдээлэл
- Яаралтай үед холбоо барих мэдээлэл: Харилцагчийн заасан холбоо барих хүний овог, нэр, харилцагчтай ямар хамааралтай болох болон холбоо барих утасны дугаар
- Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл: Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагаас авах зээлийн мэдээллийн сан дахь харилцагчийн зээлийн түүх, зээлийн үлдэгдэл, төлөлтийн мэдээлэл болон бусад холбогдох мэдээлэл
- Биометрийн мэдээлэл (шаардлагатай бол): Харилцагчийн нүүр царайны дүрс, дүрс бичлэг болон цахим орчинд биеийн давтагдашгүй шинжээр нь таньж баталгаажуулахад ашиглах биометрийн мэдээлэл
- Төхөөрөмжийн болон техникийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмжийн таних дугаар (IMEI, MAC хаяг), төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, интернет хөтөчийн төрөл, байршлын мэдээлэл болон аппликейшний ашиглалттай холбоотой техникийн мэдээлэл
- Харилцагчийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл: Харилцагчаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, лавлагаа, чат болон мессежийн харилцааны түүх, хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй хийсэн утсан ярианы бичлэг болон холбогдох бусад мэдээлэл.
- Маркетинг болон хэрэглэгчийн сонголттой холбоотой мэдээлэл: Маркетингийн судалгаанд оролцохдоо өгсөн хариулт, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сонирхол, сонголт, урамшуулалт хөтөлбөр болон сурталчилгааны аянд оролцсонтой холбоотой мэдээлэл
3. Мэдээлэл цуглуулах арга
Бид таны мэдээллийг дараах байдлаар цуглуулна:
- Харилцагчаас шууд авах: Бүртгүүлэх, харилцагчийг таньж баталгаажуулах (KYC), гүйлгээ хийх болон хэрэглэгчийн үйлчилгээ авах явцад таны өөрийн өгсөн мэдээлэл
- Автоматаар цуглуулах: Вэбсайтын күүки (Cookies) болон төхөөрөмжийн мэдээллээр дамжуулан автоматаар цуглуулах мэдээлэл
- Хамтран ажиллагч байгууллагаас авах: Мөнгөн гуйвуулга болон зээлийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажилладаг санхүүгийн байгууллагаас авах мэдээлэл
- Албан ёсны болон гуравдагч этгээдийн эх сурвалжаас авах: Төрийн мэдээллийн сан, хориг арга хэмжээний жагсаалт, улс төрд нөлөө бүхий этгээдийн (УТНБЭ) мэдээллийн сан, хэвлэл мэдээллийн эх сурвалж болон нээлттэй бүртгэлээс авах мэдээлэл
4. Мэдээлэл боловсруулах зорилго ба хууль зүйн үндэслэл
Бид таны хувийн мэдээллийг Монгол Улсын Иргэний хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий зохицуулагч байгууллагын журам, “Дижитал маркет ББСБ” ХХК-ийн дотоод бодлого, журмын дагуу цуглуулах, бүртгэх, боловсруулах, дамжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулна.
a. Гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор
- Мөнгөн гуйвуулга, зээл болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэх
- Гүйлгээг боловсруулах, баталгаажуулах
- Харилцагчийг шинээр бүртгэх, таньж баталгаажуулах.
b. Хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг хангах зорилгоор
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
- Хуульд заасан шалгалт, тайлагнал хийх, холбогдох бүртгэл, мэдээллийг хадгалах
c. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад шаардлагаар
- Санхүүгийн луйвар, залилангийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг удирдах, үйлчилгээний чанарыг сайжруулах
- Хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах, харилцагчийг таньж баталгаажуулах
d. Харилцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн
- Харилцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн чанарыг сайжруулах
- Харилцагчаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, судлан шийдвэрлэх
e. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор
- Харилцагчийн хувийн мэдээлэл, компанийн мэдээллийн систем болон дэд бүтцийг мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй халдлага, эрсдэлээс хамгаалах.
f. Харилцагчийн зөвшөөрлөөр авч боловсруулах нэмэлт мэдээллүүд
- Харилцагчийн биеийн давтагдашгүй өгөгдөлд үндэслэн таньж баталгаажуулах (биометрийн баталгаажуулалт)
- Маркетинг, сурталчилгаа болон судалгааны зорилгоор нэмэлт мэдээлэл цуглуулах, боловсруулах.
5. Автомат хяналт
Бид автоматжуулсан систем ашиглан цахим луйвар, залилангаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гүйлгээний эрсдэлийг үнэлэх зорилгоор хяналт, шалгалт хийдэг. Үүний хүрээнд шаардлагатай тохиолдолд гүйлгээг түр саатуулах, хяналтад авах, хаах эсхүл цуцлах арга хэмжээ авч болно. Хэрэв та автоматжуулсан хяналт, шалгалтын үр дүнд таны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл манай компанид санал, гомдол гаргаж, тухайн гүйлгээг дахин шалгуулах эрхтэй.
6. Аппликейшн ашиглах насны хязгаар
“Дижитал маркет ББСБ” аппликейшний үйлчилгээг зөвхөн 18 болон түүнээс дээш насны иргэд ашиглах эрхтэй. Хэрэв 18 насанд хүрээгүй этгээдийн хувийн мэдээлэл Аппликейшнээр дамжин цуглуулагдсан нь тогтоогдвол тухайн бүртгэлийг хааж, холбогдох хувийн мэдээллийг устгана.
7. Хувийн мэдээлэл хадгалах хугацаа
Бид таны хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомж, журамд заасан шаардлага болон мэдээлэл цуглуулах, боловсруулах зорилгод нийцүүлэн дараах хугацаанд хадгална
- Харилцагчийг таньж баталгаажуулах (KYC) болон гүйлгээний бүртгэл: Харилцагчтай үүсгэсэн харилцаа дуусгавар болсноос хойш таваас доошгүй жилийн хугацаанд (Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу)
- Харилцагчийн үйлчилгээ болон гомдлын бүртгэл: Нэг жил хүртэлх хугацаанд эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд
- Санхүүгийн луйвар, залилантай холбоотой мэдээлэл: Санхүүгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгах шаардлагатай хугацаанд
- Маркетингийн болон бусад нэмэлт мэдээлэл: Харилцагч холбогдох зөвшөөрлөө цуцлах хүртэлх хугацаанд
- Харилцагчийн үйлчилгээний утасны дуудлагын бичлэг: Үйлчилгээний чанарыг сайжруулах болон харилцагчийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
Хувийн мэдээллийг хадгалах хугацаа дууссан, эсхүл мэдээлэл боловсруулах хууль ёсны үндэслэл, шаардлага дуусгавар болсон тохиолдолд бид тухайн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аюулгүй байдлыг ханган устгах эсхүл хүнийг таних боломжгүй болгон нэргүйжүүлнэ.
8. Харилцагчийн эрх
Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу та өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- Мэдээлэлтэй танилцах, хуулбар авах эрх: Та “Дижитал маркет ББСБ” аппликейшн болон манай мэдээллийн санд хадгалагдаж буй өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах, тухайн мэдээллийн хуулбарыг авах хүсэлт гаргах эрхтэй.
- Мэдээлэл засварлуулах эрх: Таны хувийн мэдээлэл буруу, дутуу эсхүл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд түүнийг засварлуулах, шинэчлэх хүсэлт гаргах эрхтэй. Бид таны хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг засварлах, шинэчлэх арга хэмжээ авна.
- Мэдээлэл устгуулах эрх: Хууль тогтоомжид заасан мэдээлэл хадгалах үүрэг болон бусад үндэслэл, шаардлагаас бусад тохиолдолд та өөрийн хувийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
- Мэдээлэл боловсруулахыг хязгаарлуулах эрх: Хууль тогтоомжид заасан үндэслэл, нөхцөлийн дагуу өөрийн хувийн мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хязгаарлуулах хүсэлт гаргах эрхтэй.
- Мэдээллээ цахим хэлбэрээр авах эрх: Та өөрийн хувийн мэдээллийг унших, ашиглах боломжтой цахим хэлбэрээр авах хүсэлт гаргах эрхтэй.
- Зөвшөөрлөө цуцлах эрх: Та өөрийн хувийн мэдээллийг боловсруулахад өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах эрхтэй. Зөвшөөрлөө цуцалсан нь зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд хийгдсэн мэдээлэл боловсруулалтын хууль ёсны байдлыг буцаан үгүйсгэхгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр мэдээллийг үргэлжлүүлэн хадгалах, боловсруулах шаардлагатай байж болно.
Эрхээ хэрэгжүүлэх: Та дээр дурдсан эрхээ эдлэхтэй холбоотой хүсэлт, гомдлоо info@dpay.mn цахим шуудангаар бидэнд илгээж болно. Бид таны хүсэлтийг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэнэ.
9. Хувийн мэдээллийг дамжуулах
Бид харилцагчийн хувийн мэдээллийг Монгол Улсын болон холбогдох олон улсын хууль тогтоомж, дүрэм, журмын шаардлагыг биелүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөнгөн гуйвуулга, зээл болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хэвийн, найдвартай хүргэх зорилгоор шаардлагатай тохиолдолд хамтран ажиллагч байгууллага, зохицуулагч болон хууль сахиулах байгууллагад хуульд заасан үндэслэл, журмын дагуу дамжуулж болно. Бид таны хувийн мэдээллийг дараах байгууллага, этгээдэд дамжуулж болно. Үүнд:
- Үйлчилгээ үзүүлэгч байгууллага: Төлбөр тооцооны систем, гүйлгээ боловсруулалтын үйлчилгээ үзүүлэгч болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд.
- Олон улсын гүйлгээний түнш байгууллага: Олон улсын мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны гүйлгээг боловсруулах, гүйцэтгэхэд хамтран ажилладаг байгууллагууд
- Зохицуулагч болон хууль сахиулах байгууллага: Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон бусад эрх бүхий зохицуулагч, төрийн болон хууль сахиулах байгууллагууд
- Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой байгууллага: Компанийг өөр байгууллагатай нэгтгэх, нийлүүлэх, худалдан авах, өмчлөл болон бүтцийн өөрчлөлт хийх зэрэг бизнесийн хэлцэл, өөрчлөн байгуулалтын хүрээнд холбогдох байгууллага, этгээдэд
Бид харилцагчийн хувийн мэдээллийг хүлээн авч буй байгууллага, этгээдээс уг мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, зөвхөн дамжуулсан зорилго болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ашиглаж, хамгаалахыг шаардана.
10. Мөнгөн гуйвуулга
Мөнгөн гуйвуулгын үйлчилгээний онцлог, шаардлагаас хамааран бид харилцагчийн хувийн мэдээллийг гадаад улсад байрлах хамтран ажиллагч байгууллагад дамжуулж болно. Энэ тохиолдолд мэдээллийг дамжуулах, боловсруулах үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэрээний нөхцөл, холбогдох олон улсын гэрээ болон шаардлагатай тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлд үндэслэн зохих эрх зүйн хамгаалалтыг бүрдүүлнэ.
11. Зээлийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах.
Та зээлийн үйлчилгээ авах, зээлийн хүсэлт гаргах тохиолдолд бид таны зээлжих чадвар, төлбөрийн чадвар болон зээлийн эрсдэлийг үнэлэх, зээлийн эрх, нөхцөлийг тогтооход шаардлагатай нэмэлт мэдээллийг цуглуулж, боловсруулна. Үүнд:
- Ажил эрхлэлт болон орлогын мэдээлэл: Таны эрхэлж буй ажил, албан тушаал, хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлогын хэмжээ болон орлогын эх үүсвэртэй холбоотой мэдээлэл.
- Санхүүгийн болон зээлийн түүхийн мэдээлэл: Банкны дансны хуулга, одоо байгаа зээл, өр төлбөр, зээлийн үлдэгдэл, зээлийн эргэн төлөлтийн түүх болон зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл.
Бид дээрх мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
- Зээлийн хүсэлтийг хүлээн авах, судлах, үнэлэх, шийдвэрлэх
- Харилцагчийн зээлжих болон төлбөрийн чадварыг үнэлэх
- Зээлийн эрх, хэмжээ, хугацаа болон нөхцөлийг тогтоох
- Зээлийн эргэн төлөлтийг хянах, удирдах
- Зээлийн мэдээллийн сантай холбоотой тайлагнал хийх
- Хууль тогтоомж болон зохицуулагч байгууллагын шаардлагыг биелүүлэх.
Зээлтэй холбоотой харилцагчийн мэдээллийг зээлийн харилцаа дуусгавар болсноос хойш таваас доошгүй жилийн хугацаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгална
12. Мэдээллийн аюулгүй байдал
Бид харилцагчийн хувийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, өөрчлөх, алдах, задруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Мэдээллийг шифрлэх: Харилцагчийн хувийн мэдээллийг хадгалах болон дамжуулах явцад шифрлэлтийн технологи ашиглан хамгаалах.
- Хандалтын хамгаалалт: Харилцагчийн бүртгэл болон мэдээлэлд нэвтрэх эрхийг хамгаалах зорилгоор олон шатлалт баталгаажуулалт ашиглах.
- Хандалтын бүртгэл, хяналт: Мэдээллийн системд хийгдсэн хандалт, үйлдлийг бүртгэх, тогтмол хянах.
- Аюулгүй байдлын зөрчилд хариу арга хэмжээ авах: Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, мэдээлэл алдагдах болон зөвшөөрөлгүй хандалт үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг шуурхай авах.
- Харилцагч өөрийн нэвтрэх нэр, нууц үг болон баталгаажуулах мэдээллийг бусдад дамжуулах, задруулах, зохих ёсоор хамгаалаагүйгээс шалтгаалан нэвтрэх эрхээ алдсаны улмаас үүссэн хохиролд “Дижитал маркет ББСБ” ХХК нь холбогдох хууль тогтоомжид заасан хүрээнд хариуцлага хүлээхгүй.
13. Хувийн мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийн талаар мэдэгдэх
Кибер халдлага, эрх бүхий ажилтны алдаатай үйл ажиллагаа, программ хангамж болон мэдээллийн санд гарсан гэмтэл, доголдлын улмаас харилцагчийн хувийн мэдээлэл алдагдсан, задруулсан эсхүл зөвшөөрөлгүй этгээдийн хандалтад өртсөн тохиолдолд бид холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу арга хэмжээ авна.
Ийм тохиолдолд бид таны бүртгэлтэй цахим шуудангийн хаяг болон гар утасны дугаараар дамжуулан боломжит хугацаанд мэдэгдэж, хувийн мэдээллээ хамгаалах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад шаардлагатай зөвлөмж, зааварчилгааг хүргүүлнэ.
14. Маркетинг болон харилцаа холбоо
Бид харилцагчид үйлчилгээний хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зайлшгүй шаардлагатай мэдэгдэл, мэдээллийг (гүйлгээний мэдэгдэл, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг болон бусад үйлчилгээний мэдээлэл) хүргүүлнэ. Түүнчлэн харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл, сурталчилгаа, маркетингийн санал хүргүүлэх, судалгаа авах боломжтой.
Та маркетингийн зорилгоор мэдээлэл хүлээн авах зөвшөөрлөө хүссэн үедээ аппликейшний тохиргоо, илгээсэн цахим шуудан дахь татгалзах холбоос эсхүл манай компанитай холбогдох замаар цуцалж болно. Маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзсан нь гүйлгээний мэдэгдэл, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг хүлээн авахад нөлөөлөхгүй.
15. Гуравдагч этгээдийн холбоос
Манай аппликейшн болон бусад үйлчилгээнд хамтран ажиллагч байгууллага болон гуравдагч этгээдийн вэбсайт, аппликейшн руу чиглэсэн холбоос агуулагдаж болно. Та эдгээр холбоосоор дамжин гуравдагч этгээдийн вэбсайт, аппликейшнд нэвтэрсэн тохиолдолд тухайн байгууллагын нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл тусад нь үйлчилнэ. Бид гуравдагч этгээдийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, хамгаалах үйл ажиллагаа болон тэдгээрийн вэбсайт, аппликейшний агуулгад хариуцлага хүлээхгүй.
16. Нууцлалын бодлогод оруулах өөрчлөлт
Бид энэхүү Нууцлалын бодлогод шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах эрхтэй. Бодлогод оруулсан чухал өөрчлөлт, шинэчлэлтийн талаар харилцагчид “Дижитал маркет ББСБ” аппликейшн, вэбсайт болон бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар дамжуулан мэдэгдэнэ.Нууцлалын бодлогын шинэчилсэн хувилбар нь нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
17. Холбоо барих мэдээлэл
Хэрэв танд асуулт, санал, гомдол байвал бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: Дижитал маркет ББСБ ХХК
- Имэйл: info@dpay.mn
- Утас: +976 7008-8008
- Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ноён хутагт Данзанравжаагийн гудамж, 17/1 байр, 4 давхар, 401 тоот

